2021-12-27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан. Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ нээгдэж, эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч коронавирусийн шинэ хувилбарууд гарч эдийн засагт тодорхой бус байдал хэвээр, хямралаас бий болсон хохирлыг нөхөж чадаагүй, эдийн засгийн салбарууд эмзэг байна.
Цаашид зах зээл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтдөө хүрэх, түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах шаардлага тулгараад байна. Иймд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй үндсэн зургаан хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхээр тусгалаа гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэн баталж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ.
Шинэ сэргэлтийн бодлого нь хөгжлийг хязгаарлагч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэхэд оршино.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж цар тахлын сөрөг нөлөөг бууруулснаар Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” дунд хугацааны бодлогын зорилтот үр дүнд хүрэх нөхцөл бүрдэх юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр - хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.
“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр “Алсын хараа-2050”-ын эхний үе шатад эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувийг 13 хувиар өсгөж, хүлэмжийн хийн ялгаралтыг 22 хувиар бууруулна. Хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс арилж, эдийн засгийн цар хүрээ тэлснээр ажлын байр нэмэгдэж, монгол хүний цалин орлого өсөж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирна. Улмаар чинээлэг дундаж давхарга тэлж, иргэдийн амьдралын чанар сайжирна гэж үзэж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.